“АРАВТ” БУЮУ НҮҮДЛИЙН ДАЙЧИДТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Өнөөдөр бид Нүүдлийн Дайчид цомгоо худалдаанд гаргаад байгаа, тун удахгүй өөрсдийн анхны тоглолтоо тавих гэж байгаа нүүдэлчин мэтал “Аравт” хамтлагийн гитарчин Морган-тай уулзаж байна.
Тэдний тоглолт 2015 оны 10-р сарын 10-ны өдөр ВЕГАС КЛУБ-т болно. Юуны түрүүнд та бүхэнд анхны цомог, анхын тоглолтоо сонсогч түмэн (хишигтэндээ) хүргэх гэж байгаад баяр хүргэе.
Мэталиум: Сонсогч нарт өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Морган: Сайн байна уу? Аравт хамтлагын зүгээс энэ өдрийн мэндийг хүргэе. Хамтлагийн бүрэлдэхүүнд маань Дуучин Нямдорж, Аргил гитарчин Болорсүх, Гитарчин Баттөр, Бөмбөрчин Гантулга нар багтдаг байгаа. Би өөрөө гитарчин бас морин хуур тоглодог.
Мэталиум: Хамтлаг хэзээ байгуулагдав? Яаж хамтлагаа төсөөлж байв?
Морган: Хамтлаг байгуулагдаад яг нэг жилийн нүүр үзэж байна. Их удаан бодож яваад хийж байгаа уран бүтээл учираас хамтлагын өнгө аяс эхнээсээ ер нь тодорхой байсан л даа. Тийм ч учраас их богино хугацаанд хамтлагийнхаа цомгийг гаргаж чадсан байх. Ер нь л анх бид 5 ярилцаж төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийж амжуулж чадаж байна.
Мэталиум: Морган хэзээнээс хөгжим, тэр тусмаа мэтал хөгжим сонсч эхэлсэн бэ? Хөгжим хэзээнээс тоглож эхлэв?
Морган: Анх бол ах нарыг дагаад л орцонд гитар нүдэж суудаг байлаа. Өөрөө би морин хуурын ангид сурдаг байсан болоод ч тэр үү ер нь Монгол хэв маягтай дуу хийж үзэх хүсэлтэй, хамтлагтай болоод тайзан дээр тоглох мөрөөдөлтэй. Cannibal Corpse, Metallica гэх мэт яг тухайн үедээ л хүн болгоны сонсдог байсан хөгжмийг л сонсож өссөн дөө. Тухайн үед ах нараас кассет гуйж их сонсдог, ганц байгаа өөрийнхөө кассет дээр эргүүлж тойруулаад л хуулж аваад л сонсоод суудаг байлаа.
Мэталиум: Нүүдлийн Дайчид цомгийн тухай яриач...
Морган: Цомог маань нийт 10 дуутай. Дууны бичлэгийг Beat студи дээр бүгдийг нь амьдаар бичсэн. Хамгийн онцолж ярих дуу бол Монголын рок дуучидтай (10 хамтлаг, дуучид нийлж) Бид Монгол хэмээх дуу байна л даа. Маш их зохион байгуулалт, хөлс хүч шаардсан дуу болсон. Манай сонсогчдод ч бас таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Мэталиум: Хамтлагийн дуугаралтыг ямар стиль, ямар маягийн гэж тодорхойлж байна?
Морган: За ер нь бол их холимог урсгал учираас сонсогчид маань л яг тодорхойлж гаргаж ирэх байх. Аравтын өнгө аяс бол метал хөгжим дээр үндэсний аялгуу зоож, ардын хөгжимөөр хачирласан шинэлэг аялгуу болсон гэж боддог.
Мэталиум: Тоглолтын бэлтгэл дуусч, хоног цаг тоолон суугаа байх, сэтгэгдэл ямар байна?
Морган: Хуруу дараад л өдөр тоолоод л сууна даа. Бэлтгэл ажил ер нь бол дууссан. Тоглолтын тасалбарыг Hi Fi Records дээр борлуулж байгаа. Дуугаралт зохион байгуулалт тал дээр маш их анхаарч байгаа. Ерөнхийдөө NIS NIS FEST дээр ажилласан баг ажиллах болохоор маш итгэлтэй л сууж байна.
Мэталиум: Нээлтийн хамтлагийн тухайд?
Морган: Тоглолтоо нээж урьж байгаа хамтлуудаа хүндлээд Аравт тоглож эхлэх болно. Хэсэг хугацаанд завсарлаад иргээд төгсгөлөө хийнэ дээ.
Мэталиум: Чиний хувьд хамгийн их нөлөөлсөн 5 цомог эсвэл хамтлаг юу вэ?
Морган: За ер нь бол тоочоод барамгүй л юм даа. Их олон хөгжим хольж сонсдог. Cannibal corpse, Carcass, Amon Amarth, Lamb of god, Meshuggah, гээд л явж өгөх биз...
Мэталиум: Монголын мэтал хөгжмийн тухай бодлоосоо хуваалцаач...
Морган: Нэг хэсэг бол янзын сайхан байлаа шд. Одоо бол эхэн үеээ бодвол сонсогч их болж. Олон нийт ч хүлээн зөвшөөрдөг болсон байна. Нэг нотолгоо гэвэл Монголын Үндэсний Радио Телевиз ээр Аравт хамтлаг өөрсдийн уран бүтээлээ шууд тоголж үзүүллээ. TM болон OTV гээр шууд нэвтрүүлэг болон тусгай нэвтрүүлэг бэлдэж гаргалаа. МҮОНРТ- ийн P3 Радио бүтэн 7 хоногийн турш орой болгон тусгай нэвтрүүлэг бэлдэж цацлаа. Төв шуудангийн нүүрэн талд том зарлал өлөглөө. Ер нь нэг үеээ бодвол хүмүүс маш их сонирхож байна. Метал хөгжимд одоо маш сайн менежэр, боловсруулалт, идвэхжүүлэлт дутаад байна. Монгол Метал дэлхийд гарах боломжтой гэж би боддог.
Мэталиум: Харин сонсогчдын хувьд?
Морган: Нийт хүрээ нь ихэссэн боловч зүгээр л тоглолтын үүдээр эргэлдэж архидаж, үнэгүй орчих гээд л хүн амьтан үймүүлээд явдаг хүмүүс их болжээ. Заал хоосон боловч гадаа нь их байх жишээтэй. Гэхдээ бас чинь сэтгэлээсээ тусгаж аваад хөгжмөө зөв хэрэглэж байгаа залуучууд ч их байна.
Мэталиум: “Аравт”-ын хувьд сархад, тамхи тэргүүтэнг яаж хүлээж авдаг вэ?
Морган: Ер нь бол олон нийтийн газар, Тайзан дээр бусдыгаа хүндлэх ёстой л доо. Архи уувал арван тамтай гэдэг дээ.. хэхэ. Ер нь бол дэмий зүйл. Яг бид 5 бол тэгж их уугаад гадуур дотуур хөлчүүрхээд явсан удаа байхгүй ээ. Ер нь бол тэгэх ч гүй байх..
Мэталиум: Сүүлийн үед урд хөршид олон хамтлагууд ирж тоглож байна. Энэ долоо хоногт л гэхэд Megadeth, Carcass зэрэг томчууд иржээ. Та нар хамгийн сүүлд ямар тоглолт үзэв?
Морган: За ёстой үзэж байгаагүй юм байна. Энд тэнд явж байхдаа зарим нэг хүмүүстэй тааралдаж л байдаг юм. Яг үнэндээ бид 5 чинь оффис ажилтай, арай гэж гарсан жоохон цагаа хамтлагтаа зориулдаг болохоор гадагшаа явах битгий хэл нэг орой сайхан найзуудтайгаа юм яриад суух ч зав гарахгүй юм байна шү ү дээ. Тэгээд болох биз..
Мэталиум: Цомог, пянз цуглуулдаг уу? Тийм бол, цуглуулгаасаа танилцуулаач
Морган: За надаа бол нилээд олон кассет бол байгаа шүү. Хэхэх. Хэдэн жилийн дараа алт болох байх..
Мэталиум: Сүүлийн асуулт, бидний сүүлийн асуулт зочин хойморт суугаа хүндээ үлдээдэг уламжлалтай. Юу хүссэнээ энд ярьж, хэлж болно.
Морган: Аравт хамтлагыг дэмжиж тусалж байгаа хүмүүс төсөөлсөнөөс маш их байгаад үнэхээр их баярлаж байгаа. Тоглолт болон цомгийг маань авах гэж бяцхан хүлээлт үүссэн байгааг харах бас их сайхан мэдрэмж юм байна. Тоглолтонд ирэх залуучууд цагаа сайн барих хэрэгэй байна шүү. За тэгээд метал хөгжимөө сонсоод эрч хүчээ сэлбээд ажиллаад байж дээ ажиллаад байж....














