...Nis ba nis... 🎐🎏🎐 #nisvanis #nisvanisamgaa #joroikhulan (at Joroikhulan ART) https://www.instagram.com/p/B42zoX-BwhY/?igshid=1foi0hiz9dgnx
seen from United States
seen from United States
seen from China

seen from Malaysia

seen from Türkiye

seen from United States

seen from Malaysia
seen from United States

seen from Malaysia

seen from Singapore
seen from United States

seen from Malaysia
seen from United States

seen from Australia

seen from China

seen from United States

seen from Türkiye

seen from Malaysia
seen from China

seen from United States
...Nis ba nis... 🎐🎏🎐 #nisvanis #nisvanisamgaa #joroikhulan (at Joroikhulan ART) https://www.instagram.com/p/B42zoX-BwhY/?igshid=1foi0hiz9dgnx
Нисванис хамтлагийн төрсөн өдөр нижгэр болсон …
2016 оны дөрөвдүгээр сарын 9-нд
Нисванис хамтлагийн 20 насны ойн баярт зориулсан НИС НИС ФЕСТ 2016-гийн эргэн тойронд болж өнгөрсөн зүйлсийн талаар өөрийн сэтгэгдлээ буулгалаа
Миний хувьд Нисванис хамтлагийг тайзан дээр хэдэн зуун удаа тоглож байхыг харсан ч жил бүр, дөрөвдүгээр сарын 9-нд л тоглолтыг нь заавал үзэхийг хичээж ирсэн юм. Яагаад гэвэл энэ өдөр НИСВАНИС илүү хүчтэйгээр тэсэрдэг бөгөөд тэнгэр тэдний төрсөн өдрийн бэлэг болгож илүү их эрчим хүч энэ хамтлагийнханд өгдөг гэлтэй. Тэгвэл энэ 2016 оны 20 насны ойн тоглолт тэр дээд түвшний энерги хамгийн их буцалсан түүхэн өдөр болж өнгөрлөө.
ТҮҮХ СӨХВӨЛ: Нисванис хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд нэг сарын бэлтгэлд орж, дараа сар нь Б.Галсансүхийн санаачлагаар “Шинэ урлагийн төлөө” шоу тоглолт хийжээ. Энэ үед Амгаа ах гэрийн халааттай, хөл нүцгэн тайзан дээр гарч ирж байсан гэдэг. Мөн дуучин Т.Ариунаа “Утасны дугаар”, “Хар дарсан зүүд” зэрэг дуунуудаа дуулж байжээ. Дашрамд дурдахад утасны дугаар дууг одоо дуучин Б.Солонго эзэн нь юм шиг жинхэнэ утгаар нь дуулж байгаа.
Нисванис хамтлагийн хоёр дахь тоглолт 1996 оны арваннэгдүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд “Сонсохыг хориглоно” нэртэй болж байжээ. Мөн л хожим нь Монголын цорын ганц хардкор Ice top хамтлаг ийм нэртэй цомог гаргасан. Өөрөөр хэлбэл Нисванис хамтлаг төрсөн цагаасаа эхлэн зөвхөн рок гэлтгүй хожмын жазз, реп уран бүтээлчдэд хүртэл нөлөөлөх урт хугацааны бүтээлүүд хийжээ.
Нисванис хамтлагийн анхны хоёр тоглолт рок ертөнцийн анхдагч элитүүдээс бүрдсэн цөөн үзэгчдийн дунд болж өнгөрсөн бол 20 жилийн ойн тоглолт үүд, хаалгаараа багтахгүй их хүнтэй боллоо.
Өөрөөр хэлэх юм бол тэднийг анх тоглож байхад өнөөдрийн ихэнх үзэгчид нэг бол төрөөгүй, эсвэл юу ч мэдэхгүй хүүхэд байсан, үгүй бол рок гэдэг ганц үгнээс нь хүртэл айдаг, ерээд оны сүүл үеийн сэхээрч, боловсроогүй харанхуй үеийн нэгэн төлөөлөл байсан байж болох юм.
Гэвч цаг хугацаа, хичээл зүтгэл хоёр хамгийн хүчтэй. Тиймээс Нисванис хамтлаг Хүчилтөрөгч, Саарал үе, Нисдэг таваг зэрэг цомгуудаараа орчин үеийн залуусын хөгжимд хандах хадлагыг бүтнээр нь эргүүлж чаджээ.
Одоогоос арван жилийн өмнө нэг металист Нисванисыг “10 жилд гуравхан цомог гаргасан” гэж чамлаж байсан юм. Тэгтэл би Нисванис 20 жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэлээ хийж байхдаа тоглож байсан “Сургууль нураасай” гэх анхны дуунуудын нэгийг дахин сонсоод “Ямар хуучирч, мөхдөггүй хүчтэй дуу вэ?” гэж бодож байлаа. Үнэндээ тэр 10 жилд хийсэн гурван цомог нь Монголын бүхэл бүтэн нэг залуу үеийг өөрчилж, төлөвшүүлж, бас хамгийн гол нь нэгтгэж чаджээ. Нэгдэл гэдэг бол монголд “Арагийн чинээ” алмазнаас үнэтэй зүйл билээ.
Энэ нэгтгэл Нисванис хамтлагийн үе, үеийн хөгжимчид, дууны үгийг нь бичсэн яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, тамхинд нь гүйсэн бацаанууд, сөн түшсэн дүү нар, итгэл даасан найзууд, бас жижиг ч болов зүйлээр туслаж дэмжиж байсан хүмүүсийн ачаар хийгдсэн нь гарцаагүй. Тэгэхээр Нисванис бол зүгээр ч нэг рок хөгжмийн хамтлаг биш, харин бүхэл бүтэн оюун санааны нэгдлийг зөвхөн дуу хөгжмөөр илэрхийлэгчид юм аа л гэж хэлэх гэсэн юм.
За, тоглолт руугаа эргээд орьё. Юун түрүүнд би энэ жилийн тоглолтыг өмнөх 19 дэх НИС НИС ФЕСТ тэй харьцуулахыг хүслээ. Өнгөрсөн жилийн тоглолтод РЕК ОН, МОХАНИК зэрэг хамтлагууд хамгийн их чимэг болж байсан бол тэд энэ удаа оролцоогүй. Харин энэ жил метал уур амьсгал нэлээн хүчтэй байж бас Аясын салхи, Хурд, Харангын Аяа, Шар айраг зэрэг өвөрмөц зочидтой болсон.
НИСВАНИС АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ТОГЛОСОН НЬ:
Бөмбөрчин: Отгонбаатар /Анхны, Хурд хамтлаг/ Содоо, /II үеийн/
Соль гитарчин: Тамир /анхны/, Цацаа, гитарчин: Шинэ-Од, гитарчин Цацаа, гитарчин Дархаа
“20 жилийн өмнө бид бүгдээрээ 19, 20 настай оюутнууд байсан. Бүгдээрээ мөнгөгүй. Тэгэхдээ бидэнд нэг л сэтгэл байсан нь өнөөдрийн Нисванис хамтлаг юм шүү” гэж хамтлагийн ахлагч Амгаа хэлээд тоглолтыг “Ганц бие залуу” дуугаар нээв. Энэ дуу нэг ёсондоо Хүчилтөрөгч, Саарал үе, Нисдэг таваг цомгуудад тоглосон гитарчин Цацаад үзүүлсэн хүндэтгэл байлаа. Үүний дара “Эсрэг утгаар нь”, “Эмийн сан руу алхсан” нь дуунууд тоглогдов.
“Биднийг анх хамгийн их дэмждэг хүн бол Соёл-Эрдэнэ хамтлагийн Даймаа ах байсан. Ингээд Хүчилтөрөгч цомгийн дуунуудыг хамгийн анх тоглож байсан хувилбараар нь бөмбөрчин Отгонбаатар, гитарчин Шинэ-Од, гитарчин Тамир нартайгаа тоглож үзүүлье” гэж хэлээд Амгаа “Би тамхиа татаад дуусаж байна” гэж дуулж эхлэв.
Энэ дууны дараа Амгаа “Цацаа гараад ир л дээ, хамт дуулъя хөгшөөн” гээд “Сургууль нураасай” гэх хамгийн радикал дуугаа эхлүүлэв. Энэ дуу зүгээр нэг “архины өрөнд орсон, сурлагагүй хүүхэд”-ийн дуу гэж үү?
Дуу бидэнд одоо ч гэсэн "Амьдрал сайхан болно” гэж амлачихаад доромжлоод орхиж байгаа “Үсчин” шиг нийгмийн тогтолцоо нураагүй байгаа болохыг сануулах шиг.
“ДУУ НЬ ЖААХАН ЗАЛУУДААД, ДУУЧИН НЬ АРАЙ ХӨГШДӨӨД БАЙНА УУ?” гэж Амгаа үзэгчдээсээ асуугаад дараа нь “Гэрэлт ирээдүй намайг дуудна”-ыг дууллаа. Хэдийгээр өнөөдөр Нисванисын бүх гишүүд гэрэлт ирээдүйгээ олсон ч, тэр ерээд онд “Цээжиндээ үзэн ядалтын хар нар мандуулаад, амьдралаа орхисон, амьдралыг ойлгосон, тэгээд явсан” нэгэн хүн байсан. Нисванис хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн ойн дээрээ “4 биш 4″ номын зохиогч, Философийн ангийн оюутан, Монгол ардын үлгэрийг сюрреалист богино өгүүлэг болгогч тэр нэгэн залууг дахин нэг удаа сануулав.
Энэ дараалласан хоёр дууны эсрэгцэл нь яг л амьдралд “гэрэл, сүүдэр” зэрэгцэн оршдогийг, рок хөгжим сэтгэл, сэтгэлгээний аль ч тэсрэлт, гундалтыг өгүүлдэг болохыг үзүүлсэн юм. За тэгээд, энэ сайхан дуунуудыг сонсож чадсан хүмүүс нь бусдаасаа дэндүү азтай байсан л гэдгийг хэлье.
/PS: “Нисванис ямар, ямар дуугаа тоглосон бэ” гэж олон хүн асуусан болохоор эхний хэдэн дууг дарааллаар нь нэрлэлээ./
ФЕСТИВАЛИЙН ЗОЧИН ХАМТЛАГУУД
ХУРД
Хурдын Отгонбаяр тайзнаа гарч ирэн, “Нисванис мандтугай. УРА. Монголын рок түүх мандтугай. УРА. Монголын амьд хөгжим өнөөдөр ямар түвшинд байна? Маш сайхан хөгжиж байна. Та бүхнээрээ бахархаж байна.” хэмээн хуучнаа санагдуулам хурдан, түргэн хэллэгээр тайзнаас хэллээ.
ОТГОНБАЯРЫН ЕРӨӨЛ: “Амгаа бид хоёр1994 оноос хойш 22 жил найзлаж байна. Бараг хойд насныхаа архийг хуваагаад уусан байх аа. Нисванис хамтлагтаа цаашид 30, 40, 50 жилийн насыг ерөөе” гэлээ.
АЯА БА ӨӨЖГИЙ
Харангын Лхагваа харин хөөрч, огшсон үзэгчдийг хэсэг зуур тайвруулж, “Анд нөхрөө хэзээ ч битгий мартаарай” гэж сануулсан. Түүнтэй тайзнаа гитарчин Өөжгий хослон тоглосон.
Түүнийг дуулж байх үед үзэгчид
Харин энэ шүдэнзний хайрцагтай залуу юу хийж байгааг та нэг таах гээд үзээрэй.
MADNESS
Мadness хамтлаг Дурсамж бүсгүй, Хотын гудамж дуунуудаа дуулахад үзэгчид бүгд түрж, бүх хүний сэтгэл нэгэн үелзэл дээр тохируулсан юм шиг уур амьсгал төрж байлаа.
Түүнийг тайзны дэргэдээс сонсож байгаа нэгэн үзэгч
ШАР АЙРАГ
Товчхондоо РЕТРО хөгжмийн завсарлага. Энэ үед лифтэнд гацсан хүмүүс болон дээвэр дээр салхилж байсан хүмүүсийн зураг авч байсан болохоор яг юу болж өнгөрснийг нь сайн мэдээгүй өнгөрсөн.
ОТГОО
Тэр энэ жил тайзнаас биш урилгатай зочдын дунд баяраа хамт тэмдэглэсэн. Ер нь НИС НИС ФЕСТ-д зарим жил хамтлаг, дуучид янз бүрийн шалтгаанаар өнждөг. Энэ жилийн хувьд Булсара хамтлаг мөн тайзнаа гараагүй. Шалтгааныг нь ганцхан дуучин Тамирын дотор байгаа хүн л мэдэх байх. Мөн Моханик хамтлагийн хоёр хөгжимчин эзгүй байсан учраас тоглолтод оролцох боломжгүй боллоо хэмээн мэдэгдсэн.
NIGHT TRAIN
Night Train-ы Цэцээ тайзан дээр гарч ирээд “Ахаха, аха, ха” гэх мэтээр архирах мэт авиа гаргаж зогсов. Энэ үед хамтлаг нь хөгжмөө тааруулж байсан юм. Тэр бараг л метал дуучин шиг байсан. Тэгэхээр нь өөр, шинэ юм үзүүлэх гэж байгаа юм шиг бодсон. Гэвч хөгжим тоглогдож эхлэхэд нөгөө л “Лонхтой дарсыг нэг амьсгаагаар” гэх танил дуу явж, сэтгэл догдолмоор ч юм шиг болсон, бас цаанаа л гоё дуулж байсан ч нэг тийм “урам хугармаар” санагдав. Энэ дууны дараа Цэцээ дахин хахирдуу хоолойгоор “Вай, ха, ха” гэж шуугих нь түрүү дуулсан уянгалаг дуутайгаа авцалдахгүй, нэг л тийм парадокстой байв. Би өмнө нь Night Train хамтлагийн нэг гишүүнээс “Та нар яагаад шинэ дуу хийдэггүй юм бэ” гэж асуухад тэр “Хөгжим гэдэг чинь дотроос эгшиглэж гарах ёстой биз дээ? Тэр нь бидний дотроос гарахгүй байна” гэж хариулж байсан юм. Night train хамгийн сүүлд 2008 онд НИС НИС фестэд орсон бөгөөд энэ удаа шинэ дуу дуулаагүйгээрээ хамгийн хоцрогдсон ЗАЛУУ уран бүтээлчид нь байх шиг санагдсан.
/Уучлаарай/
THE LEMONS
Тайзнаа гарсан дарааллаараа бол THE LEMONS хамтлаг Нисванисын анхны бүрэлдэхүүн тоглохын өмнө гарч ирсэн. Тэд үзэгчдийг жинхэнэ утгаар нь халааж өгсөн. Дуучны хоолой уянгалаг гэхээсээ илүү хүчтэй, дуурьссан, хамтлагийн хөгжим илүү эрчтэй, шуурсан санагдсан. Тэдний адреналин хүчтэй ялгарч байна гэдэг нь “Элэг бөөр”, “Мэлхий гүнж” дуунуудын шинэ найруулгатай дуулалтаас мэдрэгдэж байлаа.
МЕТАЛ ҮЕ
Сэтгэл зүрхэн дэх адгуусан араншингаа чөлөөлж, дотоод хар чоноо зоргоор нь тавихад хамгийн тохиромжтой зүйл бол метал хөгжмийн элемэнтүүд юм. Хатуу, хахир хийгээд хурц, хурдан хөгжмийн хэмнэл, архирч, дэвхэцсэн тэр хором мөчүүдийн дараа зүрх сэтгэлд ариусал ирж, оюун ухаан чивчрэн сэргэж, тэлсэн нумын сум шиг болдог. Металчид ямар нэгэн ад зэтгэрт ховсдуулсан, чөтгөр шулмын төрх, ёс бус хэллэгээр өвчилсөн мэт гажууд, хэрцгий харагддаг ч үнэндээ тэдний дотор жинхэнэ өөрийгөө олсон, таньсан, ялсан хүмүүс маш олон байдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан билээ.
ТОГЛОЛТЫН ҮЕЭР БОДОГДСОН ЗАРИМ НЭГ ЗҮЙЛС
Нисванис хамтлагт үргэлж хоёрдмол чанар оршсоор ирсэн ба өнөөдөр жингийн туухай дээр “үнэнч, зүтгэлтэй” чанар илүү их тавигджээ.
Нэгд тэд хайрт рок, гранж, пост алтернатив хэв маягтаа үхэн үхтлээ үнэнч байж, хөгжим тоглож чадахаа болих хүртлээ үзэлцэнэ гэдэг нь тодорхой. Гэвч нөгөө талаар хамтлагийнхан нэгэн үе “Нисванисыг ариун тавцан” дээрээ орхиод, уушийн газруудад “Сэтгэлийн жигүүр” ч юм уу тиймэрхүү жижүүрний дуу дуулах, эсвэл хамтлагийн ахлагч нь сонгуулийн сэдэвтэй хоор дуунд орох, Universe best songs гэх коммершл нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах зэрэг янз бүрийн зам туулсаар, эгэл жирийн хүмүүс дунд эвээ олсоор ирсэн.
Тэр бүх үед хамтлагийн ахлагч Амгаагийн хүн бүртэй нийтэч, найрсаг хандаж ирсэн чанар бүх хүний хайрыг хүлээж байсан. Магадгүй “Улаан хэрүүлч” дууны жинхэнэ эзэн хүртэл одоо Амгаад хайртай л байгаа. Тэгтэл зарим нэг метал хөгжим сонсогчид, уран бүтээл туурвихаар оролдогчид, элдэв сөрөг зүйлд донтогсод нийгэмтэйгээ хөлөө ололгүй, өнгөрсөнтэй хамт мартагдан үлджээ.
Өөрөөр хэлбэл амьдрал дээр дандаа гранж байх аргагүй болохоор Амгаа ах тэргүүтэй Нисванис хамтлаг аргаа сайн олж ирсэн. Дуунуудыг нь аваад үзэхэд “Эмийн сан руу алхсан нь”, “Таалагдсан” зэрэг бүтээлүүд бол хүмүүсийг доргиосон, сонирхлыг нь татаж чаддаг, бас хошин энергитэй.
Нөгөө талаар “Тэр ойлгожээ” гэх жинхэнэ өөр, маш цөөнхийн, бүр хуруу дарам сэхээрсэн эсвэл самуурсан толгойтны ойлгох дуу бас бий. Энэ дуу олон ч хэлбэрдэгчдэд имиджээ бүрдүүлэх сайхан боломж олгосон харагддаг. Гэхдээ монголын хоёр дахь сюрреалист зохиолч С.Анудар /эхнийх нь Д.Нацагдорж/ болон Пост модернизмын үрийг таригч Б.Галсансүх, Эрдэнэсолонго зэрэг Нисванисын эргэн тойрон дахь хүмүүсээр дамжуулж “Шинэ урлаг”-тай танилцсан солгой сэтгэлгээтэй гаруудад Нисванис л олон жилийн үйлчилгээтэй сэтгэлийн тэжээл бэлдэж өгчээ.
Б.Галсансүхийн хэлбэрдэлтээс Нисванис руу хальж орж ирсэн хамгийн сүүлийн үеийн жишээ нь “Гар хангалга” цомог болон дуу боллоо. Ер нь бол урлаг “ЭНЭ ЮУ ГЭЭД ХЭЛЧИХ ВЭ?” гэж хүнийг цочирдтол хатгаад авдаг шинж чанартай байдаг нь Нисванис хамтлагийн дөрөв дэх цомгийн нэр болоод хөгжимд нэвт шингэжээ. Б.Галсансүх хэзээ ч юм бичсэн нэг шүлэг өнөөдөр бүхэл бүтэн концепц болж нийгэмд тархлаа. Түгээгч нь Нисванис.
Тэгэхдээ л нийгмийн олонх үүнийг хэзээ ч ойлгохгүй бөгөөд “Цай дэврэвч тогоондоо” гэдэг шиг рок гэр бүлдээ л гол үнэн мөн чанар нь өвлөгдөж үлдэх болно. Америк, Солонгосын хуванцар урлагийг гоё өнгөтэй гэж хошуурсан зуу, зуун мянган хүмүүс тэр цаанаас, холоос гайхсан харцаараа “Солиотой юм” гэж бодсон хэвээр л үлдэнэ.
Гэвч хүмүүс “Хэзээ нэгэн цагт оюун санааны хоосрол”-оос гарч, сэтгэхүйн дайнд бууж өгч, жинхэнэ утгаар нь нисч үзээсэй. Орчин үеийн хүмүүс Нисванисын “Эсрэг утгаар нь” гэх жинхэнэ монгол маягийн гранж дуу, “Сэтгэл хөдлөнө” гэх пост панк дуунуудын алийг нь ч сонсоод ойлгохгүй байна гэхэд харамсмаар ч юм шиг. Тэгэхдээ л энэ өдөр, Нисванисын 20 жилийн ой бараг л ялалтын өдөр боллоо. 1996 онд анх байгуулагдахдаа цөөхөн дэмжигч, жижигхэн хүрээлэгчтэй байсан Нисванис хамтлаг бусдад таалагдах гэж уран бүтээлээ золиослоогүй болохоороо энэ ялалтанд хүрчээ. Харин энэ хугацаанд мөнгөний төлөө, мартагдаж, хуучирдаг хямдхан нэр хүндийн төлөө өөрийгөө хуурсан хүмүүс хэчнээн олон юм бэ? Би лав тоолж барахгүй юм байна.
Нисванис Номхон далайн эрэгт тоглоно
Миний дээр ярьсан ялалтыг тодорхойлох нэг хэмжүүр бол жинхэнэ фенүүд юм. Нисванис хамтлаг шиг үнэнч хийгээд хүчтэй фентэй уран бүтээлч энэ 1,5.. сая км хавтгай газар нутагт ховор байх. Нисванисын Оксижен фен клуб энэ удаа 20 жилийн ойн бэлэг болгож Анима Мунди энтертэйнмэнттэй хамтран Нисванис хамтлагийг V-ROX олон улсын амьд хөгжмийн фестивальд оролцох ажлыг бүрэн зохион байгуулж, тоглолтын үеэр албан ёсны урилгыг нь гардууллаа.
Энэ жилийн тоглолт миний хувьд хамгийн зохион байгуулалт сайтай, нэг тийм цэмцгэр болсон санагдсан. Бүх Боргио зарагдаж дууссан ч хэт хөлчүү хүмүүс байсангүй. Савагчид ч бас тэрүүхэндээ “хүндэтгэлтэй” саваад өнгөрсөн. Дээр нь Монголын амьд хөгжмийн ертөнцийн хамтлагуудын тоглолтыг байнга үзсээр байгаад бие, биенээ мэддэг, таньдаг болчихсон хүмүүсээр заал дүүрч байлаа.
Тэд яг л нэг байр, нэг сургууль, нэг хотынхон шиг харагдсан. Мэдээж гэртээ үлдсэн хүмүүс бүр их. Гэлээ гээд энэ өдөр яг зориод ирсэн, өөрийгөө гоё авч явсан залуус бүгд л “Өөрийн гэсэн ертөнцтэй” гэдэг утгаар ижилссэн харагдсан. Зарим нэг хүмүүс намайг худлаа магтлаа гэж хэлэх гэж байж магадгүй. Яах вэ, өөрийгөө л супер гэж мэдэрдэг “эго”-той хүмүүс тэнд надтай таарахдаа тоглолтыг “Тааруухан, миа” боллоо гэж ярьсан. Тэгэхдээ тэр яриаг хэр олон хүн дэмжихийг би бас л мэдэхгүй байна.
Харин Лифт гацаж, Минт хаалгаа онгойлгохгүй удсан нь зохион байгуулагчдын муугийнх биш,үүд хаалгаар эгнэж ороод, биендээ хүлээцтэй хандаагүй хүмүүсийн өөрсдийнх нь буруу байх аа.
ХӨГЖИМ ГОЁ ДУУГАРСАН
Нисванис хамтлагийн албан бус гишүүн буюу тайзан дээр гардаггүй ч тайзыг амилуулдаг Вовка ахдаа бас 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ.
ТОГЛОЛТЫН ТӨГСГӨЛ ХЭСЭГТ
Нисдэг таваг цомогт орсон “Муу зуршил” дууг бүх үзэгчид түрж дууллаа. Тэгэхээр хүн болгон муу зуршилтай, бас түүндээ хайртай бололтой. Энэ дууг ая зохиогч Дашдондог хийсэн гэдгийг Амгаа тайзнаас хэлсэн юм. Тэр хүн бас рок дуу зохиосон байх нь ээ гэж гайхахад хүрэв. Нисванис ч гайхшруулж дуусахгүй бололтой.
Дараа нь АБОРТ гэх алдарт дуу явахад, зарим охид ярвайсан хэрнээ дуулж байгааг харахад энэ сэдэв нийгмээс одоо хүртэл алга болоогүй гэдгийг зэрвэс санав. Гэтэл энэ сэдвийг хүмүүст Нисванисаас өөр ийм олон удаа хүргэсэн субъект Монголд байдаг гэж үү?
Нисванис хамтлагт 20 жил тоглосон гитарчин Дархаагийн эгч нь тайзан дээрээс “Дархаагийн маань аав энэ тоглолтыг хэрвээ үзсэн бол “Хүүгээрээ бахархаж байна” гэдгээ хэлэх байсан байх” гэж хэлсэн. Нээрэн л цаашдаа тус хамтлагийн бүх гишүүдийн аав нь “Буга урамдах цаг”-аар биш “Нисванис” тэсрэх цагаар баярлах байх аа.
Нисванис үргэлж Аз жаргалтай төгсдөг
Гар хангалга цомгийн “Сармагчин бид хоёр” гэж эхэлдэг дуу алтернатив метал төрөлдөө орох байх. Энэ дууг тоглож эхлэхээс өмнө Амгаа ах “Энд, тэнд тоглож байгаагүй болохоор жаахан “муу” байж магадгүй шүү” гэж сануулсан ч хүмүүст ямар ч муу зүйл мэдрэгдээгүй. Харин ч савах гэж ирсэн хэргээ биелүүлэх сайхан хэдэн минутыг бэлэглэсэн. Дууны дунд бөмбөрийн хэсэг нь тархи руу жинхэнэ эрчимтэй хэмнэлээр нүдэж байгаа нь хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
Дуу дуусч, танхим нам гүм болоход үзэгчдийн энд тэндээс “Жаргааж чадна” гэж үргэлжлүүлэн дуулах нь сонсогдоно. Дуучин Амгаа харин “Дажгүй юу манайхаан, Плей тайм иртэл гоё байж байгаарай” гэж асууна. Энэ үеэр мөн 20 жилийн ойн тоглолтонд тусласан бүх хүмүүстээ баярлалаа гэсэн. Би ч бас тэгж хэлмээр санагдсан ба “Алмаз, авьяас хоёрыг өнгөлөх тусам гялалзана” гэдэг үг цээжин дотор хэлэгдэж байлаа.
Тэгээд мэдээж Нисванис хамтлаг уламжлал ёсоороо “АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСДӨГ” дуугаа бүх үзэгчидтэйгээ хамт дуулж үйл ажиллагаа өндөрлөсөн. Энэ дашрамд тус дууны эхийг та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. 2004 оны тавдугаар сарын 12 ны 16 цаг 46 минутанд энэ дуу хийгдэж дуусчээ. Харин цаашид тоглохдох хугацаа хязгааргүй.
АМГАА: 2017 онд дахиад шинэ CD тэй уулзана гэж бодож байгаа шүү.
Энэхүү Нисванис хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болсон өдөр Монголчуудын эртнээс хүслээ шивнэж, шүтэж ирсэн Шинийн хоёрны хавирган сар гарсан байлаа. Тоглолтын дараах банкет Ганданд үргэлжилсэн бөгөөд тэнд хүмүүс хөтлөгч Тамираагийн сет дээр шөнийг тайван, тухалж өнгөрөөсөн билээ.
За хамгийн сүүлд нь зарим нэг хүмүүс зургаа авахыг хүсч байгаа байх гээд бөөнд нь орууллаа. Дараагийн удаа дуучин Б.Солонгогийн дөрөвдүгээр сарын 7-нд тоглосон “Үдэшлэг” бие даасан анхны тоглолтын тоймыг оруулж магадгүй.
Энэ тэмдэглэлд орсон хар цагаан гэрэл зургуудыг: Б.Инжинааш, бусад зургуудыг сурвалжлагч миний бие авсан болно.