Энэ блогийг хуваалцаж эхэлсэнээс хойш гадаадад амьдардаг монгол эцэг эхчүүд над уруу бичин холбогдож ямар хэцүү байгаагаа, хүүхдүүд нь ерөөсөө монголоор ярьж өгөхгүй байгаад бухимдсан байгаагаа илэрхийлж санал нийлж байх юм. Тэгээд би өнөөдрийн бяцхан тэмдэглэлээ надтай адил байдалд байгаа эцэг эхчүүдийнхээ сэтгэл санааг өөдрөг болгоход чиглүүлье гэж бодлоо. Тэгэхдээ зүгээр нэг уран сайхны халилаар өөдрөг санаа хэлэх биш харин мэргэжлийн хүнийх нь зөвлөснийг өөрийнхөө гаргасан алдаан дээр гаргаж үзүүлэхийг оролдов.
Адам Бекийн зөвлөснөөр хүүхдэд хэл заахад зорилгодоо хүрэхгүй шатна гэсэн ойлголт байхгүй аж. Харин ч энэ ер нь бүтэхгүй юм шиг байна гэж бодох тусам тэр бодол тань хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаа цагийг улам сөрөг муу дурсамж болгож хувиргаж магадгүй шүү гэж сануулж байна. Тийм учраас ер нь хүүхэддээ заахад үр дүнд хүрсэнгүй гэж бодох бүрдээ энэ чинь яг юу гэсэн үг вэ гэдгийг дараах маягаар бодож санагтун.
1. Өнөөдрийн үр дүн бол эцсийн үр дүн биш
Хүүхэд тань өнөөдөр таны хүсч байгаа шиг дуржигнатал ярьж эхлээгүй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байдал таны өдий болтол хийсний л үр дүн. Манай том хүү одоо гурван настай. Би хүүгээ хоёр настайгаас нь эхлээд, нэн ялангуяа сүүлийн зургаан сар түлхүү арга хэмжээ авсан. Гэтэл үр дүнд нь манай хүү дөнгөж гурав дөрөвхөн үгтэй л өгүүлбэрүүд хэлдэг. ”Аав нь хаана байна” ”би хоол идье” ”энэ юу вэ” ”ямар гоё вэ” гэх мэт. Ингэж ганц нэг өгүүлбэр хэлээд л үлдсэнийг нь дааниар дуржигнуулна. Би энэнээс илүү ихийг хийх ёстой байсан л байх, гэхдээ чадлаараа мэрийсэн минь л энэ. Миний хамгийн баяртай байгаа зүйл бол би хүүгээ монголоор ярь гэж цагдаж шалгаахгүйгээр хүү маань өөрөө надтай ярих үедээ зарим нэг өгүүлбэрээ өөрийн эрхгүй монголоор хэлдэг болсон явдал юм.
Тэгэхээр өнөөдөр хүү юмуу охин тань монголоор ярихгүй байгаа ч гэсэн тархиндаа таны хэлж ярьж байгаа болгоныг хуримтлуулж байгаа гэдгийг битгий март. Хэлээ заах явц бол хүүхдүүд насанд хүртэл нь үргэлжлэх том төсөл, тэр хүүхдийн амьдралынх нь хэв маяг. Харин өөрсдийнхөө хийж чадах үйлдэлээ өдөр тутам марталгүй хийгээд арван найман нас хүртэл нь үр дүнг нь хүлээцгээе.
2. Өчүүхэн ахиц болгон сайн үр дүн мөн
Хэрэв та үнэхээр уйгагүй хүүхэддээ монгол хэл заая гэж байгаа бол өөр ямар арга хэмжээ авч болохоор байна. Өдөрт дор хаяж нэг ном уншиж өгч байна уу. Урьд нь сурсан юмыг нь давтан асууж байна уу. Монгол дуу сонсгож байна уу. Монгол хүмүүстэй тогтмол уулзаж байна уу. Монголоор байнга ярьж байна уу. Хүүхдүүд чинь дор хаяж 3 цаг монгол хэлтэй орчинд өнгөрүүлж байна уу.
Энэ бүхний эцэст ямар ч үр дүн гарахгүй байвал хүсч байгаа үр дүнгээ бууруулаад ұз. Жишээ нь эхлээд шууд ярьж эхлэхийг нь биш таныг монгол ном уншихад сонсдог болгохыг зорь. Эсвэл монгол дуу тавихад тань дахин сонсъё гэж гуйх гэх мэт жижиг сажиг ахилтан дээр анхаарлаа хандуул.
3. Ярихгүй ч гэсэн ойлгож байна гэдэг бол том амжилт
Надтай тааралдсан ихэнх эцэг эхчүүдийн хүүхдүүд нь монголоор ойлгодог мөртлөө ярихгүй байна гэж гомдоллодог. Энэ бол маш том амжилт шүү. Ойлгож байна гэдэг бол монгол хэлний мэдлэг хүүхдэд тань байна гэсэн үг. Ярих гарцаагүй шаардлагатай боломж гарах юм бол тэгээд л аяндаа ярьж эхэлнэ. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ монголоор ярихаа л битгий зогсоогоорой гэж Адам Бек зөвлөж байна.