Зурагтай ном, зугаатай ном
Урьд амласан ёсоор номны тухай бичихийнхээ өмнө ер нь энэний цаана яг ямар утга бидний хувьд агуулагдаж байна вэ гэдгийг нэг сануулъя гэж бодлоо.
Гадаадад амьдардаг монголчууд бид хүүхэддээ монгол хэл заахад хамгийн их дутагддаг зүйл бол хүн хүч, монгол хэлтэй орчин билээ.
Хүүхдийн хэл, оюун ухаан орчин тойрноо дагаад байнга хөгжиж байдаг. Аав ээж, багш, найз нөхөдөөс авахуулаад зурагт радиогоор юу ярина тэрийг байнга сурч сонссон зүйл нь баталгаажин арвижиж байдаг. Гадаадад өсч байгаа хүүхдүүд тийм ч учраас тэр орныхоо хэлийг ус цас шиг сурч байна. Гэтэл монгол хэлээр ярьдаг аав ээж бид нар тэр их хурдацтай хөгжиж байгаа тархи оюун санааг гүйцэж байнга монгол хэлээр ярьдаг орчинг нь гүйцэлдүүлэх гэж гүйсээр байтал нэг мэдэхэд хоцрогдож ард нь үлддэг байна. Энэнээс үүдээд ихэнх эцэг эхчүүд өдөр тутмын “тулаандаа” туйлдаж эцэст нь бууж өгөн хүүхэд нь монгол хэлийг сайн л бол хоёрдугаар хэл болгон сурах, үгүй бол ихэнх нь тэгсхийгээд монгол хэлээ мартдаг нь нууц биш билээ.
Тийм болохоор номыг тухайн хүүхдийн нас сонирхолд нь тохируулж бүх боломжийнх нь хэлбэрээр бүрдүүлж номын санг нь байнга сэргээж арвижуулж байх нь үнэхээр чухал. Тэр тусмаа, хэрэв бид хүүхдээ зүгээр нэг ярианы монгол хэлтэй биш, бүр унаган монгол хэлтэй өсгөе гэж бодож байгаа бол эртнээс арвин үг хэллэгтэй ном цуглуулан уншиж өгч сонирхдог болгох хэрэгтэй гэж бодож байна. Дэндүү томоор бодож, хэзээ ч бүтэхгүй юм ярьж байна гэж та бодож байна уу. Тийм ч байж магадгүй. Томоор онилж байж л жижиг байг ононо гэж бодож байгаа нь мунхаг миний санаа.
Бага насны хүүхдүүдэд зориулсан зурагтай номыг ямар ч оронд төрөл бүрээр нь авч болдог. Ийм ном нь дан зураг учраас үйл явдлыг зохион монголоор ярьж давтан үгийн баялагийг арвижуулахад тохиромжтой. Жишээ нь, “Валдо хаана байна” “Сониуч Жоржийн олдог ном” “Анхны зуун үгс” гэх мэт үггүй дан зурагтай номнуудыг номын сангаас авч би хүүхдүүддээ монголоор ярьж өгдөг. Манай хүүхдүүд ийм номноос бараг хэзээ ч уйддаггүй.
Олон улсын сонгодог хүүхдийн зохиолууд
Бага насны хүүхдүүд монгол ахуйгаас хол өсч байгаа бол монгол ардын үлгэрийг шууд ойлгохгүй, төсөөлж чадахгүй, сонирхохгүй, их олон асуулт асуух, самуурах тохиолдол хааяа ажиглагддаг. Ийм тохиолдолд олон улсад алдарт гарсан олон хэлээр орчуулагдсан номыг сонгож уншихад дөхөм байж болох юм. Миний бодлоор шведийн хүүхдийн уран зохиол их чанартай юм шиг санагддаг. Шведийн зохиолчид ихэвчлэн хүүхдийн тухай хүүхдэд зориулан бичсэн байдаг. Ингэхдээ зохиолын гол дүр нь голцуу бусдаас өөр, урсгалыг дагадаггүй, өөрийн амьдрал, өөрийн бодолтой байдаг нь америк английн ардын үлгэрүүдээс арай өөр. Жишээлбэл, Astrid Lindgren, Gunilla Bergström, Ulf Stark гэх мэт зохиолчдын гол баатрууд нь аавгүй юмуу ээжгүй, онцгой эсвэл дэггүй боловч хүнлэг, тууштай, үнэнч, бусдад дандаа туслая гэсэн зорилготой дүрүүд байдаг. Энэ нь нөгөө эмэгтэй л бол гүнж, эрэгтэй л бол баатар гэсэн нэг хэвийн зохиомжноос хамаагүй өөр санааг агуулсан сэдэвтэй байдаг.
Гэхдээ нөгөө талаас нь харахад бага насны хүүхдүүд өөртөө танил дүр, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга гардаг үйл явдал бүхий ном зохиолыг сонирхох нь бас элбэг байдаг. Хэрэв хүүхэд тань тийм юманд сонирхолтой бол тэрийг дагаж зурагтай цуврал ном авч уншиж өгөхөд буруутах зүйл байхгүй. Цуврал номны нэг давуу тал нь хүүхэд нэг дуртай болоод авбал үйл явдлыг салахгүй дагадаг. Тийм учраас ээж аав бидэнд эрж хайхгүйгээр олж авахад дөхөмтэй байдаг. Аз болоход, төрөл бүрийн Disney цувралууд, японы хүүхдийн цувралууд, ер бусын увидаст баатруудын тухай цувралууд, ах дүү Гриммийн цуврал үлгэрүүд (жишээ нь, “Чоно ба долоон ишиг”) гэх мэт номууд аль ч хэл дээр олноороо хүүхдийн янз бүрийн насанд зориулагдаж орчуулагдан хэвлэгдсэн байдаг.
Дээрх зурганд “Ах дүү гурван ямаа” үлгэрийг монгол хэл дээр болон даани хэл дээр орчуулсан хоёр номын хувилбар байна.
Монгол үлгэр хүүхэддээ уншиж өгөх олон давуу талуудын нэг нь монгол сэтгэхүйг харуулаад зогсохгүй жинхэнэ монгол нандин үг хэллэгээр баян байдаг. Монгол үлгэрт нэг утгыг олон янзаар илэрхийлэх, мөр сүүл холбож уянгалуулж бичсэн хэллэг олон гардаг. Тэрнээс гадна барууны зохиолын сэдвүүд нь голдуу хүн, хүний ахуй, гэр бүл нийгмийг тойрсон байхад монгол үлгэр ан амьтан, байгал орчныг эргэлдсэн сэдэв зонхилсон байдаг. Энд би тэр нь энэнээс илүү гэсэн утгыг хэлэх гэсэнгүй харин энэ хоёрыг хослуулж чадах юм бол хүүхэд харин ч олон талын мэдрэмжтэй болох магадлалтай юм. Зарим монгол үлгэрүүд амьдралыг арай хатуугаар харуулсан, үхэл, дайн дажинг ил бичсэн байх нь ажиглагддаг. Гэхдээ дэлхий ертөнц сайнтай муутай гэдгийг хүүхэддээ ойлгуулах, тэр дундаас өөрийгөө яаж авч гарах вэ гэдгийг хүүхэддээ зааж өгөх нь эцэг эх бидний үүрэг. Энийг л харин монгол ухаан гэж нэрлээд байдаг гэж би ойлгодог.
Энэ удаад би одоогийнхоо боломжин дээр тулгуурлан ашиглаж байгаа ном үлгэрүүдээсээ сонирхууллаа. Зориуд хэлэхэд хүүхэд болгон өөр, хүн хүний сонирхол өөр, хүн хүний хүүхэддээ тавьдаг зорилго нь өөр учраас ямар ном сонгож унших нь хүн бүрийн өөрийнх нь хэрэг. Хамгийн гол нь сонгохдоо юуг анхаарах вэ, хаана ямар ном зохиол бэлэн байна вэ гэдэгт та бүгдийгээ чиглүүлж өгөхийг оролдлоо. Дараагийн нэг тэмдэглэлдээ би монголд очоод авсан ном, номын дэлгүүрүүдийн товч танилцуулгыг хийнэ гэсэн бодолтой байгаа.
Хүүхэддээ бэлэг авахдаа үнэтэй хувцас тоглоом авч өгөхийн оронд ном авч дадал болгоцгооё эцэг эхчүүд ээ.