ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРГЭН ХАРАХАД
Орос, Хятадын дунд орших Монгол улсыг нэгэн цагт ертөнцийн талыг байлдан дагуулсан Чингис хаанаар нь дэлхий дахин мэддэг билээ. Өргөн уудам, онгон зэлүүд газар нутаг нь олон жилийн туршид Монгол улсын нүүр царай болсоор ирсэн юм. Сүүлийн үед Монгол улс байгалийн баялгийн арвин нөөцөөрөө олон улсын хөрөнгө оруулалтыг татаж байна. Монгол улсын хөгжилд оруулах хувь нэмрийн хувьд уул уурхай салбар нь улс орныг талцуулж байгаа боловч Монгол улсыг өөрчлөх боломж гарцаагүй уул уурхайд байгаа гэдгийг бид мэднэ.
Өөрчлөлтийн бас нэг хөшүүрэг энэ сард тохиож байна. Энэ оны 10-р сарын 1-нээс шинэчлэн баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа бөгөөд Монгол улс нь засгийн газрын худалдан авах ажиллагаан дах иргэдийн оролцоог хуульчлан баталгаажуулсан цөөхөн орнуудын нэг боллоо. Энэхүү шинэчлэлийн боломжит үр дүнг хүлээж буй энэ цаг үед уг хууль хэрхэн батлагдсан бэ гэдгийг эргэн харах нь зүй ёсны юм.
Өнгөрсөн туршлагыг эргэн харахад, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийн хэлсэнчлэн “засгийн газрын худалдан авах ажиллагааны үр дүн чанарын хувьд ч, цаг хугацааны хувьд ч шаардлагын түвшинд хүрэхгүй байна гэдэг дээр олон хүн санал нийлэх болов уу”. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт нэгэн заалт тусгагдсан нь худалдан авах ажиллагааны үр ашгийг сайжруулж, түүнийг зохион байгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэх, маргаан шийдвэрлэх тогтолцоог төгөлдөршүүлэх, авлига болон хээл хахуулиас сэргийлэх чиглэлээр зохион байгуулалт, бүтцийг сайжруулах тухай байлаа. Үүний дагуу Сангийн яам хуулийн анхны төслийг 2009 онд боловсруулсан бөгөөд 2010 он эхний хагаст засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Энэ хуулийн төслийн үндсэн санаа нь ил тод байдал, хариуцлага, үр ашиг гэсэн гурван гол асуудалд чиглэгдэж байв. Жишээлбэл, ил тод байдлыг сайжруулахын тулд нээлттэй болон хязгаарлагдмал бүх тендер шалгаруулалтын урилга болон үр дүнг тухай бүр Сангийн яамны худалдан авах ажиллагааны вэб хуудсанд байршуулахаар тусгагдсан байлаа. Мөн хуулийн төсөлд хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор худалдан авах ажиллагааны томоохон хэсгийг хариуцаж ажиллах засгийн газрын шинэ агентлаг байгуулахаар заасан байв. Энэ нь худалдан авах ажиллагааг яамд болон тэдгээрийн эрхэлсэн сайдын улс төрийн нөлөөллөөс ангид байлгахад чиглэгдсэн юм. Түүнчлэн, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна. Худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа 3 хүртэл жилийн хугацаагаар үнэ, бусад нөхцлийг тохиролцож гэрээ байгуулах боломжийг олгосон ерөнхий гэрээ гэдэг шинэ арга зүйг нэвтрүүлж, захиалагч байгууллага тендерийн нээлтээс хойш тендер шалгаруулалтыг зохион байгуулж дуусах хугацааг өөрөө тогтоодог байсныг өөрчилж, ямар ч тендер шалгаруулалтын хувьд 45 хоног байхаар хатуу тогтоосон байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр
Хуулийн төсөл нь 2010 оны сүүлийн хагаст УИХ-д өргөн баригдсан бөгөөд нилээд маргаан, мэтгэлцээн өрнүүлсэн хуулиудын нэг байсан юм. Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэдванчиг энэ талаар дурсч ярихдаа: “Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх тухай асуудал бүр ерээд оноос яригдаж ирсэн. Энэ бол засгийн газрын худалдан авах ажиллагааны болон төсвийн шинэчлэлийн агуулгыг тодорхойлж байгаа гол хэдэн санаануудын нэг юм. Энэ асуудал ажлын хэсэг дээр ч, байнгын хороон дээр ч, нэгдсэн хуралдаан дээр ч хамгийн их маргаантай асуудлуудын нэг байсан” гэсэн байдаг. Шүүмжлэл, маргаан дагуулсан бас нэг асуудал бол цахим худалдан авалт, ерөнхий гэрээ зэрэг шинэ арга зүй нэвтрүүлэх нь одоогийн нөхцөл байдалд хир бодитой, боломжтой вэ гэсэн асуудал байлаа.
Хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байх үед нэг чухал үйл явдал болсон нь Монгол улсад засгийн газрын худалдан авах ажиллагааны анхны хууль батлагдсаны 10 жилийн ойд зориулан 2010 оны 12-р сард МУИС, Мерси кор, Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв, Удирдлагын академи, Сангийн яам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан засгийн газрын худалдан авах ажиллагааны форум байв. Тус форумын дараа Ц.Сэдванчиг Худалдан авах ажиллагааны төвийн тэргүүн Н.Отгонжаргалыг хуулийн төслийн ажлын хэсэгтээ урьсан байна. Энэ нь иргэний нийгмийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан дах идэвхтэй оролцоог хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөхөд гол түлхэц болсон юм. Ц.Сэдванчиг хэлэхдээ: “Иргэний нийгмийн байгууллагуудаар явцын болон гүйцэтгэлийн хяналт хийлгүүлэх тухай заалт нь тэдний чадвар чадавхи, ёс зүй хариуцлагатай холбоотойгоор ихээхэн шүүмжлэл, маргаан өрнүүлсэн юм. Ер нь захиалагч байгууллага өөрөө өөрийгөө хянаж чаддаггүй. Энд тухайн захиалагчаас, улс төрөөс, өндөр дээд албан тушаалтнаас хараат бус ямар нэг этгээд, тухайлбал иргэний нийгмийн байгууллага байх ёстой. Гэхдээ иргэний нийгмийн байгууллага нь өөрөө үйл ажиллагааны хувьд төлөвшсөн, ёс зүйтэй байх нь чухал” гэсэн байна.
Иргэний нийгмийн байгууллагын оролцоотой холбоотой хоёр томоохон өөрчлөлт тус хуульд орсон бөгөөд аль аль нь эхний хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа боловсруулагдсан байна. Эхнийх нь иргэний нийгмийн байгууллагуудыг үнэлгээний хороонд заавал оролцуулах тухай байлаа. Өмнө нь худалдан авах ажиллагааны хуулинд захиалагч иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг үнэлгээний хороонд оролцуулж болно гэж заасан байв. Хоёрдугаарт, иргэний нийгмийн байгууллагууд захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд явцын болон гүйцэтгэлийн хяналт тавих боломжтой болов.
Тус хууль нь УИХ-д өргөн мэдүүлснээс бараг хагас жилийн дараа буюу 2011 оны 6-р сарын 9-ний өдөр батлагдсан билээ. Ажлын хэсгийг ахалж байсан Ц.Сэдванчиг дүгнэж хэлэхдээ “Ийм томоохон бодлогын шинжтэй өөрчлөлт хийж чадсан нэг гол хүчин зүйл бол тухайн үеийн улс төрийн таатай нөхцөл байдал юм. Хамтарч засгийн газар байгуулсан хоёр том нам маань УИХ-ын 76 суудлын 73-ыг нь бүрдүүлдэг. Тиймээс өөрийн засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг аль болох дэмжих байр суурьтай байсан” гэсэн байна. Худалдан авах ажиллагааны шинэчлэлийн ард зөвхөн хэн нэг хүн эсвэл байгууллага байсангүй. Ц.Сэдванчиг энэ талаар “Ерөнхийлөгч орон нутагт эрх мэдэл өгөх талаар байнга ярьдаг байсан. Засгийн газар, ялангуяа Сангийн сайд их сайн ажилласан. Түүнчлэн, ажлын хэсгийн гишүүдийн олонх нь энэ хуулийг төслийг хурдан баталж, ажил хэрэг болгох тал дээр хатуу байр суурьтай зогсч байсан юм” хэмээн дурсч хэлсэн байдаг.
Шинэчлэн баталсан хуулийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Нэг хэсэг нь баяртай, өөдрөгөөр харж байхад нөгөө хэсэг нь бухимдалтай, болгоомжлолтой байна. Бүр төөрөлдөөд юу болох бол гэж гайхаж хоцорсон хүмүүс ч бий. Гэвч баяртай байгаа хүмүүст итгэл найдвар байгаа нь тодорхой. Хууль амжилттай хэрэгжсэнээр хүн бүхэн үр өгөөжийг нь хүртэх болно. Хууль тогтоогчид маань худалдан авах ажиллагааны тогтолцоог шинэчлэх өөрийн үүргээ гүйцэтгэлээ. Одоо засгийн газар болон иргэд бид бүгдийн хувьд үүнийг амжилттай хэрэгжүүлэх л үлдэж байна.

















