ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ
2012 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн гол өөрчлөлтүүд батлагдан гарснаас хойш бараг жил хагасын хугацаа өнгөрчээ. Улс орны худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтыг боловсруулах чиг үүрэгтэй засгийн газрын байгууллагын хувьд Сангийн яам нь энэхүү шинэчилсэн хуулийг боловсруулахад анхны хуулийн төслийг бэлтгэхээс эхлээд эцсийн байдлаар батлагдан гарах хүртэл идэвхтэй оролцож ирсэн юм. Ялангуяа, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газар нь хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Шинэчлэн батлагдсан энэхүү хуулиар худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн гүйцэтгэх чиг үүргийг албан ёсоор баталгаажуулсан явдал нь дотооддоо болон олон улсын хүрээнд шинэчлэлийн шинж чанартай болсон гэж үнэлэгдэж байгаа билээ.
Х.Ганцогт - Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга
Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Х.Ганцогт энэхүү шинэчлэл болон худалдан авах ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй иргэний нийгмийн байгууллагын талаар өөрийн санал бодлоо хуваалцаж байна.
Х.Ганцогт хэлэхдээ “Хуулийн төслийг анх Улсын Их Хуралд танилцуулж байхад бидэнд худалдан авах ажиллагааны хуультай болж, энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан 9 жилийн туршлага байлаа. Тухайн үед худалдан авах ажиллагааг илүү ил тод, үр дүнтэй болгох гэсэн шаардлага улам бүр хүчтэй болж байсан юм” гэв.
Хэдийгээр Сангийн яам хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн дийлэнх хэсгийг боловсруулсан боловч худалдан авах ажиллагаанд хяналт тавих боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгосон заалтууд нь хуулийн төслийг анх өргөн барьснаас хойш боловсруулагдсан байна. Сангийн яам болон засгийн газар бүхэлдээ иргэний нийгмийн байгууллагуудыг худалдан авах ажиллагаанд оролцуулах асуудалд их болгоомжтой хандаж байсан бол улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд энэ боломжийг нээж өгөх сонирхолтой байв. Ингээд засгийн газар болон улс төрчдийн хооронд иргэний нийгмийн байгууллагуудыг ямар түвшинд оролцуулах талаар нилээд ширүүн маргаан гарсан байна. Х.Ганцогтын хэлснээр, “Улс төрчид болон иргэний нийгмийн байгууллагууд эцэстээ давамгайлжээ.”
Шинэчлэн баталсан хуульд иргэний нийгмийн байгууллагаас худалдан авах ажиллагаанд хяналт тавих боломжийг нээсэн хоёр заалт бий. Нэг нь тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах тухай, нөгөө нь засгийн газрын хэрэгжүүлж байгаа төслүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай юм. “Иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулснаар худалдан авах ажиллагааны ил тод байдал, үр дүн сайжирна гэж найдаж байна” гэж Х.Ганцогт хэлж байна. Түүнчлэн, тэрээр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нь авилгал буурах, төрийн үйлчилгээний чанар дээшлэх, засгийн газарт итгэх итгэл нэмэгдэх, улмаар засгийн газрын үйл ажиллагаа бүхэлдээ сайжрахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Шинэчилсэн хууль гарсантай холбоотойгоор хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, иргэний нийгмийн зүгээс худалдан авах ажиллагаанд тавих хяналтыг үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд, хариуцлагатай явуулдаг болгох зорилгоор Худалдан авах ажиллагааны түншлэлийг байгуулсан билээ. Уг түншлэлийн үүсгэн байгуулагч Н.Отгонжаргал нь Х.Ганцогттой “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” шинэчилсэн хуулийн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт хамтарч ажиллаж байсан учраас Х.Ганцогт түншлэлийн талаар зохих мэдээлэлтэй болсон байна. “Нэгдмэл нэг түншлэл байх нь засгийн газарт нөлөө үзүүлэх чадвараар илүү, мөн засгийн газрын хувьд олон янзын иргэний нийгмийн байгууллагууд биш нэг бат бөх түншлэлтэй ажиллах нь илүү хялбар учраас би түншлэлийг дэмждэг. Нэг талаар, тэд бидний ажлыг хийж байна. Магадгүй, бид эцсийн дүндээ илүү сайн худалдан авах ажиллагаатай болох гэсэн нэг л зорилготой болов уу. Тийм учраас л бид уулзаж, асуудлуудаа ярилцдаг” гэж Х.Ганцогт хэлж байна.
Иргэний нийгмийн байгууллагын худалдан авах ажиллагаан дах оролцооны чиглэлээр практик туршлага бага учраас түншлэлтэй нээлттэй ярилцах нь Х.Ганцогтын хувьд ч ач холбогдолтой байдаг байна. “Бид өмнө нь иймэрхүү шинэчлэл хийж байсангүй. Энэ талаар олон улсын сайн туршлага ч байхгүй. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, ирэх жил ямар үр дүн гарч болзошгүй вэ гэдгийг урьдчилж таамаглах шаардлагатай. Хэрэв бид энэ төсөөлөл буюу үр дүнг урьдчилан зохицуулж чадвал хожим илүү амар байх болно” гэж тэр хэлж байна. Ийм шинэчлэлийг хийхэд чин хүсэл эрмэлзэлтэй иргэний нийгмийн байгууллагуудыг олж харж, тэдэнтэй нээлттэй харилцах нь засгийн газрын хувьд зайлшгүй чухал юм. Түүний хэлснээр, “энд хөдөлгөгч хүч нь зөвхөн засгийн газар биш юм.” Гэвч тэрээр түншлэлтэй ярилцаж, тэдэнд туслахад бэлэн байна.














